“Газар доороос бичсэн тэмдэглэл” Ф.М.Достоевский

Tsatsral
3 min readJun 24, 2020

--

Тэртээ 1864 онд бичигдсэн энэхүү тууж миний хувьд уншиж буй анхны Достоевский-н бүтээл байсан бөгөөд өдий хүртэл уншсан бүхий л ном зохиолуудаас хамгийн их эргэж буцуулсан үгээр хэлэхэд ч бэрх тийм сонин мэдрэмжүүд болон харуусал руу, бухимдал руу бас өрөвдөл рүү хөтөлсөн бүтээл байлаа. Фридрих Ницще энэхүү бүтээлийн талаар хэлсэн сэтгэгдэлээс харахад л энэхүү тууж яах аргагүй энгийн бус болохыг шууд л ойлгоно. Түүний хэлснээр энэ бол “Сэтгэл зүйн сод бүтээл”. Утга зохиолын биш сэтгэл зүйн бүтээл, тийм ч учраас хөнгөхөн уншигддаг энгийн нэгэн бус учир уншихыг төлөвлөж байгаа бол багахан ч болов бэлтгэлтэй уншихыг хувийн зүгээс зөвлөж байна.

Хүн гэдэг тэнэг, бүр даанч дэндүү тэнэг амьтан даа. Арай өөрөөр хэлбэл, хүн уг сууриасаа тэнэг биш гэхэд түүн шиг ар хударгагүй, ач санах сэтгэлгүй амьтныг өөр хаанаас ч олохгүй.

Уг тууж нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт газар доорх хүмүүн буюу “би” хүүрнэгчийн сэтгэл зүй, дотоод зөрчил, бусдыг үзэх үзэл, эргэж буцсан байдал болоод өөрийн энэхүү туулсан амьдралын үзлээ шууд хэлбэрээр уншигчидтай хуваалцана.Уг зохиолыг эхний хэсэгт юун түрүүнд хүүрнэгчийн ямар ширүүн хурц яриатай болохыг хэдхэн хуудас эргүүлээд л мэдээд авна. Гэвч зохиолын туршид нэг ч удаа түүнийг хурц ширүүн үйлдэл гаргахыг олж харахгүй. Тийм учир нэг талаар хүүрнэгч маань хэн нэгэнд хор хөнөөлгүй боловч түүний бодол зөрчил нь юу юунаас илүү өөрт нь асар их хортой байгаад энэхүү түхэмгийлэл оршиж байгаа нь илэрхийлэгдэж байгаа юм. Тийм ч учир “би” хүүрнэгчийн сэтгэлийн их шаналгаан, гадаад ертөнцийг эцэж цуцалгүй үзэн ядах байдал зэрэг нь уншигчдыг нимбэгтэй цайгаа уунгаа тагтан дээрээ суух тайван нөхцлийг яагаад ч бүрдүүлэхгүй л болов уу.

Харин хоёрдугаар хэсэг буюу “Нойтон цасны тухайд”-н хувьд ном эхлэхэд “Би бие муутай хүн… Би хорлонтой муухай хүн. Би бас нүдэнд хүйтэн хүн” хэмээн хүүрнэн хэлсний утга сая нэг тайлагдан гарах болно. Түүний бүх сэтгэлийн шаналгаан, бардамнал бас харуусал зэргийг уншигчдын өмнө ямар нэгэн хаалтгүй илхэн энэ хэсэгт дэлгээд өгнө. Уншиж байх хугацаандаа эхлээд түүнийг яагаад ч ойлгохгүй бүр үнэхээр түүнийг ойлгоход тэсэшгүй бэрх санагдана. Тэгээд нэг л мэдэхэд түүнийг өрөвдөнө бас өмнөөс нь ичнэ. Удалгүй асар ихээр үзэн ядаж 19-р зууны Оросын Санкт Петербург руу очоод түүнийг нүүрэн дундуур нь нэг буулгаад авмаар санагдах боловч бас яг ижил мөчид түүнийг чанга тэвэрмээр санагдана. Угаас “би” хүүрнэгч өөрөө дотоод зөрчлийн хамгийн том төлөөлөгч учир уншигчид ч тэгж санагдах нь аргагүй тохиол биз. Гэвч уг туужыг зүгээр нэг “би” хүүрнэгчийн талаар түүний л бодол үзэн ядалт уй гунигийн талаар хэмээн огтхон ч бодож болохгүй бөгөөд Достоевский энэхүү бүтээлээрээ дамжуулан тухайн үеийн нийгмийн ил тод шүүмжилсэн байгаа юм. Үнэхээр л уншигчдыг эндүүрэхээс сэргийлэн номны эхэн хэсэгт ийнхүү шигтгэжээ.

“ … ер нь манай нийгэмд бүрэлдэн бий болсон нөхцөл байдлыг харгалзан үзвэл ийм тэмдэглэлийн эзэн шиг хүмүүс манай нийгэмд байх магадлалтайгаар барахгүй бидний дунд аж төрсөөр буй гэдэг нь гарцаагүй юм … Миний энэ дүр бол одоо ч байсаар буй үеийнхний нэгэн төлөөлөл юм …”

Энэхүү сэтгэл зүйн сод бүтээлийг уншихдаа та яагаад ч тухтай байхгүй хийгээд бүр болж өгвөл нүдээ аниад өгмөөр санагдана. Гэхдээ тийм зүйл яагаад ч болохгүй нь тодорхой. Учир нь уншигч та аль хэдийн уг зохиолтой болон уг “би” хүүрнэгчтэй үзэн ядалт болоод хайрын гүнзгий шалбаагт орсон байх болно. Уг тууж даанч дэндүү богинохон бас даанч дэндүү бараан. Гэсэн ч уншиж буй ямар ч хүнийг өөрийнх бодлын жижигхэн мухарт нь аваачин амьдрал болоод харууслын талаар бүр хийсэн унаж буй жижигхээн нэгэн шаргал навчны талаар эцэс төгсгөлгүйгээр бодуулахад хүргэхээр тийм л хэмжээний бүтээл. Энгийн нэг өгүүлбэр нь хүртэл таныг нэг асуудлыг зуу зуун өнцгөөс авч үзэхэд хүргэнэ. Нэг мэдэхэд уншигч өөрөө тэрхүү бодолдоо орооцолдон гайхан үлдэнэдээ. Хамгийн хачирхалтай нь уг богинохон зохилыг би асар урт хугацаанд уншсан. Магадгүй бүр хэдхэн цагт уншаад дуусгачихаж болохоор байсан ч хэрэв тийнхүү уншсан бол хэтэрхий хүнддэн магадгүй би гэдэг хүн ийнхүү тэмдэглэл бичих ч хүчгүй үлдэх байсан биз.

Ийнхүү анхны номын тэмдэглэлээ бичиж байна. Аль болох зохиолын үйл явдалын талаар бичихгүй байхыг хичээн энэхүү тэмдэглэлээ дуусгалаа. Хэрэв боломж болоод тохиол нь таарвал энэхүү бүтээлийг уншиж нэг үзээрэй. Энэ хүртэл уншсан бол танд гүнээ талархал илэрхийлмээр байна. Дараагийн номын тэмдэглэлдээ мөн сонирхолтой нэгэн бүтээлийг хүргэх болно.

--

--

No responses yet