20-р зууны сор бүтээл болох Лодонгийн Түдэв гуйан бичсэн уг “Оройгүй сүм” зохиолтой зам нэг уулзаж тус номын ертөнцтэй танилцах аз тохиов. Сэтгэлд жавар татуулаад, харцанд нулимс мэлмэрүүлсэн зохиол гэвэл уг зохиолыг нэрлэнэ. Уншсан хүн шагшихгүй байхын аргагүй энэ зохиолыг 22 насны төрсөн өдрөөр ээжээсээ бэлгэнд аваад төд удалгүй уншиж эхлээд л тус номын ертөнцөд автчихсан гэхэд хилсдэхгүй. Гэрлээ унтраахгүй л бол, шөнө болж нар жаргахгүй л бол нэг ёсондоо унших боломж маань хязгаарлагдахгүй л бол уншаад л баймаар зохиол байлаа. Яахын аргагүй заавал унших зохиол.
Зохиолын гарчиг угаас л “Оройгүй сүм” буюу шашны талаар гарах нь гэдэг сэжимийг уншигчид олгоно. Үнэхээр л эхний хэдэн хуудаснаас цааш уншихгүй л бол шашин л гарах нь хэмээн бодоод номоо хааж номын сангийн нэг буланд чимэг болгоод үлдээж магадгүй юм. Уг номын утга агуулгыг гаргахад л шашин ашиглагдсанаас биш, Оройгүй сүм роман нь зөвхөн “шашны талаар” гэх тодорхойлолтоор хязгаарлагдахаар хэмжээний зохиол яагаад ч биш.
Хэнд эрдэм буй болбоос түүнд тус буй
Хэнд эе буй болбоос түүнд нөхөр буй
Хэнд эд буй болбоос түүнд харам буй/13-р бүлэг, Хуудас 172/
Нийт 31 бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг бүрийн урд орших 3 мөртүүд яг л өөрийн утгаа төгс илэрхийлэн орших бөгөөд бүлэг бүрийн ард гарсан цагт л урд бичигдсэн 3 мөртийн утгыг сая нэг ойлгох нь тэр. Мөн бүлэг бүрийн өөр өөрийн гарчиг бас л сонирхол татмаар. 31 бүлгийн гарчиг бүрээс хамгийн сонирхол татаж хэсэгхэн азнуулсан 18-р бүлгийн гарчиг байлаа. “Ертөнц өнгөрсөн ба үл өнгөрсөн зайд”. Уг бүлэгт гол дүр Санж болон түүнийг шавиа болгон авсан Лхаарамба Гэндэнбалдан нарын Агь ёсны ном буюу ертөнцийн шалтгааны номлолыг зааж буй тухай өгүүлдэг. Яг энэ бүлгийг хэд давтаж уншсан бөгөөд бүхий л мөрийг нь тодруулж аваад ахин дахин уншиж, тунгаамаар байлаа.
Орчлон гаслангаас нөхцөгсдөд алагдана
Зовлон их амгаланд алагдана
Амьтан бүгд сэтгэлд алагдана
Үзэгдэл сансрын номууд сэтгэлд алагдана /18-р бүлэг, Хуудас 237/
! Үүнээс хойш хэсэгт уг зохиолын агуулгын талаар хүүрнэнэ !
Хоёр хөлтний дээд нь лам хэмээх итгэл бишрэлтэй Санжийн эцэг, эх түүнийг Бурхны орон гэгдэх Төвд рүү замд мордож, шавь суух болсонд эгээтэй л их баярлах бөгөөд Санж ч үүнд сэтгэл ханаж зол жаргалтайгаар замд гарна. Гэвч Бурхны оронд шавилан суух нь түүний санасан шиг биш байх хийгээд Төвд улсад өнгөрүүлсэн жилүүдэд түүний бодсноос хол зөрж Бурхны орон дах там болох нь тэр. Найз хэмээн санаж явсан нэгэн нь шөнө дунд хутгатай ирж, Дайсан хэмээн бодож явсан нэгэн нь аминд орох нь эгээтэй л амьдралын хатуу үнэн. Наашаа гэсэн болгон найз бус, цаашаа гэсэн болгон дайсан биш болохыг Чогсон, Пагсан хоёроос харж болох юм. Шарын шашинд хүний хүүгийн эзэмших эрдмийн оройг хүртэж хэмээн ном заасан орноосоо амь наана, там цаана зугтан гарсан хойноо Санж өөрийн сурсан эрдэмдээ эргэлзэн санааширна. Бүхий л сурсан маань мэгзэм нь нэгэнт зүгээр л урсан өнгөрөх хоосон үг болж энгийн бор амьдралыг хүсэх цагт нэгэнт түүний амьдрал гарц үгүй сүмд гацсаныг зовлонт харгуйд унах үесд магад Санж ухаараа биз.
Санж өөрийн амьдралыг орой нь үл үзэгдэх сүмийн дээш алхсаар эцэст нь хүний хүүгийн сурах бүхий л эрдэмд суралцан Буянзалбирах хийдийн Санждолбийчойжамц лхаарамба болж эцэг эхийн хүслийг гүйцэлдүүлсэн хойноо авирсан тэрхүү шат бүрийг эргэн нэг харж буй нь нэг л гунигтай. Нэгэн насны амьдралыг шарын шашинд зориулсан авч, эргэн харахад хоосролыг дагуулсан Санжийн амьдрал. Яг л Оройг нь барьж гүйцэлдүүлж чадаагүй сүм лугаа адилаа.
Номын тэмдэглэл оруулаагүй их уджээ. Энэ удаагийн тэмдэглэл дээр зохиолын үйл явдлаас багахан дурдсан учир урьд өмнөхөөс багахан өөрөөр бичигдлээ. Тус бүтээлийг унших аз нь тохиовол та заавал уншаарай. Дараагийн номын тэмдэглэлээр уулзъя.
Баярлалаа, баяртай!